Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын дотоод журам

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын
даргын 2014 оны. . . дүгээр сарын. . . ны
өдрийн….. дугаар тушаалын хавсралт

 

 БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН
ТАМГЫН ГАЗРЫН ДОТООД ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

              Зорилго:
              Энэхүү журам нь Монгол Улсын хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгүүдийг хэрэгжүүлэх, байгууллагын дотоод, гадаад үйл ажиллагаа, ажилтан болон ажил олгогчийн хөдөлмөрийн харилцаа , ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээний эрх, үүрэг , ажилтнуудын нийгмийн асуудал, шагнал урамшил, ёс зүй , сахилга, хариуцлагатай хамааралтай асуудлыг зохицуулахад оршино.

Нэг. Үйлчлэх хүрээ:

              Дүүргийн Засаг даргын захирамжаар ажилд томилогдсон ЗДТГ-ын дарга, ТГ-ын даргын тушаалаар ажилд томилсноос чөлөөлөх хүртэлх шийдвэрийн хүчин төгөлдөр хугацаанд ажил эрхэлж буй байгууллагын улс төрийн, төрийн жинхэнэ болоод үйлчилгээний ажилтан албан хаагчдын хүрээнд дагаж мөрдөгдөнө.
1.1. Байгууллагын ажилтан, албан хаагчид Монгол улсын Хөдөлмөрийн хууль, төрийн албаны үйл ажиллагааг зохицуулсан Монгол Улсын хуулиуд, тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн баримт бичгүүд болон энэхүү дотоод журмыг үйл ажиллагаандаа удирдлага болгоно.
1.2. Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасаг, нэгжүүд үйл ажиллагааны онцлогийг тусгасан дүрэм, ажилтан албан хаагчид ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээтэй ажиллана.
1.3. Хэлтсийн дүрмийг хэлтсийн хурлаар хэлэлцэн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарийг Хэлтэс, тасаг, нэгжийн даргын боловсруулснаар, үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг талуудын зөвшилцөн үзэглэснээр Тамгын газрын дарга бөгөөд төсвийн ерөнхий менежер баталж хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөнө.
1.4. Тамгын газрын бүтэц, чиг үүрэг, албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарьт өөрчлөлт орсон тухай бүр дотоод журмыг шинэчлэн боловсруулж мөрдөнө.

Хоёр. Засаг даргын Тамгын газрын эрх, үүрэг

            2.1. Тамгын газар нь албан хаагчдыг ажлын байр, ажиллах нөхцлөөр хангаж, Засгийн газраас баталсан цалингийн сүлжээний дагуу цалинжуулж, хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр урамшуулах, ээлжийн амралт, нөхөх олговрыг тогтоосон хуулийн дагуу олгож, ахуй амьдралд дэмжлэг үзүүлнэ.
2.2. Төрийн албан хаагчдын мэдлэг боловсрол, дадлага туршлагыг дээшлүүлэх хичээл сургалтыг зохион байгуулж, мэргэжил /мэргэшил/, ур чадвар, ажлын дадлагыг харгалзан тэнцэх ажилд нь дэвшүүлж, бууруулж томилно.
2.3. Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд ажил амралтын цагийг баримталж, ажлын цагийн үр бүтээлийг нэмэгдүүлж хяналт тавьж ажиллана.
2.4. Хөдөлмөр хамгаалал, ажлын байрны эрүүл ахуйн комиссыг байгууллагын даргын тушаалаар томилж комисс нь ажиллах орчин нөхцөл, болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний дагуу ажиллана.
2.5 Байгууллагын ажилтан, албан хаагчдыг жилд 1 удаа эрүүл мэнд, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношлогоонд хамруулах ажлыг зохион байгуулна
2.6. Ажлын шинэ санал, санаачлага, оновчтой шинэлэг арга барилыг сурталчлан шуурхай нэвтрүүлж, тэдний техникийн болон оюуны сэтгэлгээг бүтээлчээр хөгжүүлж ажиллана.
2.7. Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлал, хязгаарлал /жендерийн харьцаа/, давуу байдал тогтоохыг хориглоно.
2.8. Түүхт ой, тэмдэглэлт үйл явдал, урлаг спортын арга хэмжээ, идэвхтэй амралт зэргийг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн болон бусад эх үүсвэрээс гаргаж болно.
2.9. Гадаадын шууд харилцаатай улс хотуудад ажлын айлчлал хийлгэн туршлага судлуулж, ажил мэргэжлийн чиглэлээр дотоод гадаадад сургалт семинар, курст хамрагдахад хууль журмын дагуу томилолтын зардал олгоно.
2.10. Мэргэшил дээшлүүлэх дотоод, гадаадын сургалтад санаачлага, үр бүтээлтэй ажиллаж байгаа 2-оос доошгүй ажилтныг жил бүр сургаж, сургалтын зардлын 50%-ийг хариуцна.
2.11. Нийтээр амрах баяр ёслолын өдрүүд болон шаардлагатай тохиолдолд албан хаагчдыг хариуцлагатай жижүүрээр томилон ажиллуулж, үргэлжлэн залгасан ажлын өдөрт амралтыг нөхөн эдлүүлнэ.
2.12. Байгууллагын Хүүхдийн зөвлөлийн үйл ажиллагаанд батлагдсан төсвийн 0.5 хувиас доошгүй хөрөнгийг зарцуулж, Хүүхдийн баяр, Шинэ жилээр ажилчдын хүүхдүүдийг хүлээн авч холбогдох зардлын 50%-ийг байгууллага хариуцна.
2.13. Ажилтан албан хаагчдын хүүхдүүдийг нийслэл, дүүргийн Хүүхдийн зуслан, Скаутын цуглартад явж амарсан тохиолдолд эрхийн бичгийг үндэслэн зардлын 50%-ийг хөнгөлнө.

Гурав. Ажилтан, албан хаагчдын эрх, үүрэг

            3.1. Төрийн албан хаагч нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай болон Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг дээдлэн, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, төрийн ашиг сонирхолд захирагдан Ажлын байрны тодорхойлолт, Үр дүнгийн болон Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн эрх үүргийнхээ хүрээнд ажлаа бүрэн хариуцаж гүйцэтгэнэ.
3.2. Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүнд сурталгүй хүргэж, иргэдтэй зөв боловсон харьцаж, хүндэтгэлтэй хандах ба албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн иргэний болон байгууллагын нууцыг хадгална.
3.3. Ажил үүргээ хэвийн явуулах ажлын байрны нөхцөл бүрдүүлэхийг шаардах болон ажил, амьдралынхаа баталгааг сайжруулахтай холбогдсон санал хүсэлтийг удирдлагадаа тавьж шийдвэрлүүлж байна.
3.4. Албан үүргээ гүйцэтгэх явцад учруулж буй дарамт, /ажлын байрны бэлгийн дарамт/, шахалт, шударга бус явдлыг ил тодоор шүүмжлэх, мэдээлэх, холбогдох дээд байгууллагад уламжлах зэргээр Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан эрхээ эдэлж, үүрэг хүлээх ба уг хуулийг зөрчсөн ажилтанд хуулийн дагуу хариуцлага тооцно.
3.5. Ажлын байр, хариуцсан эд хөрөнгө, ажлын багаж, машин техник, тоног төхөөрөмжийг эмх цэгцтэй, хэвийн ажиллагаатай байлгаж, төсөв зардлыг хэмнэж, ажлын байрны ариун цэвэр, соёлч байдлыг дээшлүүлэх талаар санаачлагатай ажиллана.
3.6. Ажилтан бүр өөрийн хариуцсан ажил, мэргэжлийн чиглэлээр гарсан Монгол Улсын хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, Засаг даргын захирамжийн байнга мөрдөгдөх заалтыг хэрэгжүүлэх талаар тодорхой ажлыг зохион байгуулж хэрэгжилтийг хангаж, хувийн хэргийн баяжилтад орох материалыг хугацаанд нь үнэн зөв бүрдүүлж, цалингаа батлагдсан сүлжээний дагуу нэмэгдүүлэх зэрэг хууль тогтоомжоор олгогдсон эрхээ эдлэх талаар удирдлагад шаардлага тавих эрхтэй.
3.7. Албан хаагч бүр дараах лавлах материал бүрдүүлж өгнө. Үүнд:
а/ Ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, нийлүүлэх бүтээгдэхүүн
б/ Ажлын байрны тодорхойлолтын хүрээнд үйлчилж буй хууль тогтоол, захирамж, заавар, журам, хөтөлбөр, төлөвлөгөө /бусад эрх зүйн акт/
в/ УИХ, Засгийн газрын болон нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, захирамж, нийслэл дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Эдийн засаг нийгмийн зорилт, түүнийг хэрэгжүүлэхээр гаргасан төлөвлөгөө, биелэлт
г/ Эрхэлсэн ажлын чиглэлээр хийсэн судалгаа, түүнд хийсэн дүгнэлт, холбогдох тооцоо, материал
д/ Өөрийн боловсруулсан, шалгаж шийдвэрлүүлсэн асуудал, санаачилж хийсэн шинэ, шинэлэг ажлын жагсаалт
е/ Оролцсон семинар хурал зөвлөгөөн, авсан үүрэг даалгаврын тэмдэглэл
ж/ Жил, улирлын ажлын төлөвлөгөө, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлт /хагас бүтэн жилээр/
3.8. Архивын тухай хууль, зааврын дагуу архивын материалыг тогтоосон хугацаанд шилжүүлж байна. /Дараа оны 1-р улиралд багтаан/
3.9. Тамгын газарт болон улс, хот, дүүргийн хэмжээнд зохиогдож буй олон нийтийн арга хэмжээнд тогтмол идэвхтэй оролцож, Үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг дүгнэхэд үзүүлэлт болгон тооцно.
3.10. Албан хаагчид сард 1 удаа өрөө тасалгаандаа их цэвэрлэгээ хийж байхын дээр шаардлагатай үед нийтийн хөдөлмөрт гарч ажиллана. Ажилтан албан хаагчид картаар хүлээлгэн эзэмшүүлсэн, эд аж ахуй, албан бичиг хэрэг, техник хэрэгслэл бусад хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг өөрсдөө хариуцаж хэвийн ажиллагаатай байлгана. Албаны эд хөрөнгийг солих, гадагш авч явахыг хориглоно. Ажлын шаардлагаар авч явах бол явсан, ирсэн тухайгаа жижүүрт тэмдэглүүлнэ.
3.11. Төрийн албан хаагч нь дээд байгууллага болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь шаардлагын өндөр түвшинд биелүүлэн гүйцэтгэл /биелэлт/-ийг илтгэж байна.
3.12. Төрийн албан хаагч /төрийн үйлчилгээний албан хаагч/ нь ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ /хөдөлмөрийн/-гээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангаж ажлаа улирал, бүтэн жилээр дүгнүүлж байна.

Дөрөв. Ажилтан, албан хаагчдад тусламж олгох

            4.1. Ажилтан, албан хаагчдад эрүүл мэнд болон нийгмийн даатгалын тэтгэмжээс гадна дараах тохиолдолд тусламж олгоно. Үүнд:
4.2. Төрүүлсэн болон хадам эцэг эх, эхнэр буюу нөхөр, төрсөн хүүхэд нас барах, шинэ байранд орох, шинээр гэр бүл болох, үр хүүхэд төрүүлэх, үрчилж авах тохиолдолд 200000 / хоёр зуун тавин мянга/ төгрөгийн буцалтгүй тусламж олгоно
4.3. Төрсөн ах, эгч дүү, өвөг эцэг, эмэг эх болон өөрийн нь шууд асрамжид байдаг хүмүүс нас барсан тохиолдолд 150000 /нэг зуун мянган/ төгрөгийн буцалтгүй тусламж олгоно. Шаардлагатай тохиолдолд унаагаар үйлчилнэ.
4.4. Ажилтан өөрөө эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн буюу өөрийн асрамжинд байдаг хүнийг сахиж хэвтсэн тохиолдолд 20000 /хорин/ төгрөгийн тусламжийг хамт олны хуримтлалаас, 1 сараас дээш хугацаагаар эмчлүүлсэн буюу асарсан үед 100000 /нэг зуун/ мянган төгрөгийн байгууллагаас олгоно.
4.5. Ажилтан, албан хаагчдыг орон сууцтай болох, орон байрны нөхцлөө сайжруулах, гэр бүдийг нь дэмжихэд хууль эрх зүйн хүрээнд жилд 5 ажилтанд тус бүр 2000000 /хоёр сая/ төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.
4.6. Гэр хороололд амьдардаг албан хаагчдын 5 тн нүүрсний 30 хүртэлх хувийг хөнгөлнө.
4.7 Унааны зардлыг тухайн үеийн автобусны /микро/ тарифаар бодож олгоно.
4.8. Төрийн албан хаагчдыг рашаан сувилалд амарч, эмчлүүлэхэд нь эрхийн бичгийн үнийн 50%-ийг жилд 1 удаа олгоно.
4.9 Тамгын газрын ажилчдын хоолны хөнгөлөлтөд зориулж сар бүр 80000 /наян таван/ төгрөгийг байгууллагаас олгоно.
4.10. Тамгын газрын ажилтнуудын хуримтлалд сар бүр 2000 төгрөг төвлөрүүлэх ба ажилтнуудад журамд заасны дагуу тусламж үзүүлэх бөгөөд зарцуулалтын тайланг улирал тутамд тайлагнана.
4.11. Байгууллагын харьяаллын ахмадуудад жилд 2 удаа хүндэтгэл үзүүлэхэд батлагдсан төсвийн хөрөнгийг зарцуулна.

Тав. Ажлын цаг ашиглалт

            5.1. Ажилтан, албан хаагчид нь ажилд 8:00 цагт ирж, 12.00-13.00 цагийн хооронд завсарлаж, орой 17:00 цагт тарах, албан ажлаар буюу чөлөөгөөр гадагш явахдаа хэлтсийн дарга, Тамгын газрын даргад мэдэгдэж, жижүүрт цагаа бүртгүүлж явна. Шаардлагатай үед илүү цагаар ажиллана.
5.2. Тамгын газрын жижүүр нь ажилтан, албан хаагч нэг бүрийн, хороодын жижүүрүүд ажилтнуудын ажилд ирсэн завсарласан, ажлын цагаа дуусгавар болгосон, ажлын цагаар гадагшаа явж ажил үүрэг гүйцэтгэсэн болон томилолтоор ажилласан, өвчтэй чөлөөтэй байсан тухай цагийн бүртгэлд үнэн зөв бүртгэж, 7 хоног бүрийн Даваа гаригийн 9 цаг 00 минутад Засаг даргад танилцуулж, өдөр бүр Тамгын газрын дарга буюу Хүний нөөцийн мэргэжилтэнд хянуулна.
5.3. Ажилтнууд /УТ, ТТ, ТЗ, ТҮ/ цагийн бүртгэлийг хурууны хээгээр уншуулж, программын дагуу цалинг тооцон олгоно. Цагийн бүртгэл нь сарын цалин бодох үндсэн баримт болох бөгөөд ажилтнуудын ажлаас хожимдсон минутыг цагт шилжүүлж, сарын сүүлд цалингаас хасч тооцно.
5.4. Албан хаагчид буюу тэдний гэр бүлд гачигдал, хүндэтгэн үзэх шалтгаан тохиолдсон үед тухайн ажилтны гаргасан өргөдлийн дагуу хэлтсийн дарга ажлын 1 өдрийн цалинтай чөлөө олгох бөгөөд түүнээс дээш 3 хоногийн чөлөөг чөлөөний хуудсаар, түүнээс дээш хугацааны
чөлөөг Засаг дарга болон Тамгын газрын даргын захирамж, тушаалаар цалинтай болон цалингүй олгоно. Чөлөөний хуудсыг Хүний нөөцийн мэргэжилтнээс авна.
5.5. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чөлөөний хугацаа хэтрүүлсэн тохиодолд хэтэрсэн хугацааг ажил тасалсанд тооцож хариуцлага тооцно.
5.6. Хүндэтгэх шалтгаангүй 2-с дээш хоногоор ажил тасалсан тохиолдолд ажлаас хална.
5.7. Дор дурьдсан тохиолдлыг гачигдал тохиолдсон буюу хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ. Үүнд:
а/ Өөрөө болон эхнэр, нөхөр, хүүхэд, төрүүлсэн болон өргөсөн, хадам эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн ах, эгч, дүү нь хүндээр өвчлөх, нас барах
б/ Хурим, найр хийх, хүүхэд төрөх, үрчилж авах,
в/ Байгалийн гэнэтийн аюулд нэрвэгдэх /Гал түймэр, үер, салхи, шуурганд өртөх, хорио цээрийн дэглэмийн бүсэд хоригдох, техникийн аваар осолд орсон гэх мэт/
5.8. Албан хаагчдын ээлжийн амралтын хуваарийг өөрийн нь саналыг авч хэлтэс /тасаг/-ийн даргатай зөвшилцсөний үндсэн дээр Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн боловсруулан тухайн оны 1-р сард Тамгын газрын даргын тушаалаар батлуулж, ээлжийн амралтыг батлагдсан хуваарийн дагуу биеэр эдлүүлнэ.

Зургаа. Ажилд томилох, сахилгын шийтгэл
оногдуулах, ажлаас чөлөөлөх

            6.1. Иргэнийг төрийн жинхэнэ албанд томилоход “Төрийн албаны тухай хууль”-ийн 17 дугаар зүйл, ТАЗ-ийн холбогдох журам, тогтоол, төрийн үйлчилгээний ажилд томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэнэ.
6.2. Ажилд орох иргэн доорх бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
а/ Тогтоосон журмын дагуу баталгаажилт хийсэн хөдөлмөрийн дэвтэр
б/ Нийгмийн даатгалын дэвтэр
в/ Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
г/ Төрийн албан хаагчийн үнэн зөв бичсэн хувийн хэрэг
д/ Боловсролын буюу мэргэжлийн үнэмлэх, бакалавр, магистрийн диплом, мэргэжил дээшлүүлэх дамжаанд суралцсан гэрчилгээ, үнэмлэх/эх хувиар/
е/ Ажлаас чөлөөлсөн, шилжүүлсэн тухай эрх бүхий этгээдийн шийдвэр, ажил байдлын тодорхойлолт
ж/ Төрийн албаны зөвлөлийн мэргэшлийн уралдаант шалгалтад орсон тухай баримт /төрийн үйлчилгээний албан хаагчид хамаарахгүй/
з/ Иргэний цахим үнэмлэхний хуулбар
и/ Эрүүл мэндийн хуудас
л/ Хувийн өргөдөл
6.3.Томилогдох иргэний хувийн хэргийн бүрдэл, судалсан материал, танилцуулгыг үндэслэн эрх бүхий албан тушаалтан томилох тухай шийдвэр гаргана.
6.4. Ажилд шинээр томилогдож байгаа ажилтанд энэхүү журам, тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, холбогдох хууль тогтоомжийг танилцуулан гарын үсэг зуруулж баталгаажуулна.
6.5. Төрийн жинхэнэ албан хаагч нь Засгийн газрын 2010 оны 88 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.
6.6. Энэхүү дотоод журам болон Төрийн албаны тухай хууль, ТЖАХ-ийн Ёс зүйн дүрмийг зөрчсөн, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, мэргэжлийн төвшин тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон нь дүүргийн Ёс зүйн хорооны дүгнэлт, танилцуулгаар нотлогдсон бол “Төрийн албаны тухай хууль”-ийн 26 дугаар зүйлийн 1-д зааснаар сахилгын шийтгэл оногдуулах, албан тушаал бууруулах буюу ажлаас халах, биеийн эрүүл мэндийн байдлаас ажиллах боломжгүй болсон тухай эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн ажилтныг төрийн албанаас чөлөөлнө.
6.7 Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуугаар ажлын байранд ирсэн тохиолдолд төрийн албан хаагчийг төрийн албанаас шууд хална.
6.8. Гаргасан зөрчлийн хор уршиг, үр дагавар, үйл ажиллагаа, үр дүнгийн гэрээний биелэлтийн хувь хэмжээнээс хамааран сахилгын шийтгэл оногдуулах, албанаас халах хүртэлх арга хэмжээг шат дараалалгүйгээр шууд оногдуулна.
6.9. Менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээг 2-оос дээш удаа D үнэлүүлсэн тохиолдолд албан тушаал бууруулж, Е үнэлэгдсэн буюу удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд ажлаас шууд хална.
6.10. Сахилгын шийтгэлийн хөөн хэлэлцэх хугацаа хүчин төгөлдөр байгаа үед шийтгэл эдэлсэн ажилтан, албан хаагчид шагнал, урамшил олгохгүй ба дотоод гадаадын сургалт, ажлын айлчлал хийхийг хойшлуулна.
6.11. Ажлаас чөлөөлөгдөх, халагдах мэдэгдэл авсан хүмүүстэй эд хөрөнгийн болон бусад холбогдох тооцоог хийсний дараа ажлаас чөлөөлсөн, халсан үндэслэлийг нийгмийн даатгалын дэвтэрт бичиж, хувийн хэргийн хамт өөрт нь өгч, ажлын газрын үнэмлэхийг Тамгын газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн хурааж авна.

Долоо. Шагнал, урамшил

            7.1. Төсвийн ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээ, дээд байгууллага, Засаг даргын шийдвэрээр өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, ажлын үр дүн, бүтээгдэхүүний тоо чанар, мэдлэг боловсрол, ажлын арга барилаа дээшлүүлэх талаар хийсэн ажлыг нь үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчдын ажлыг улирал, хагас, бүтэн жилээр дүгнэж, “А” үнэлгээтэй дүгнэгдсэн албан хаагчдад сарын цалингийн 50%, “В” үнэлгээтэйг 40%-иар урамшуулна.
7.2. Төсвийн ерөнхий менежертэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, удирдлагуудын өгсөн үүрэг даалгаврын биелэлт, ажлын үр дүн, арга барилаа дээшлүүлэх талаар хийсэн төрийн үйлчилгээний ажилтнуудын ажлыг ААТ-ийн дарга, Хүний нөөцийн мэргэжилтэн нар улирал тутам дүгнэж саналаа байгууллагын даргад танилцуулснаар ур чадварын нэмэгдлийг 10-25 хувиар олгоно.
7.3. Тэргүүн байр эзэлсэн хороо хэлтсийг журмын дагуу жилийн эцэст шалгаруулж, тус бүр 300.000 / гурван зуун мянга/ төгрөгөөр шагнаж урамшуулна.
7.4. Эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний 2 ажилтныг оны эцэст “Хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулж сарын үндсэн цалингаар, ажлын байрны тодорхойлтод заасан зорилго зорилтоо хангалттай сайн биелүүлсэн 10 хүртэлх албан хаагчийг тус бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр шагнаж урамшуулна.
7.5. Хөдөлмөрийн аварга, тэргүүний албан хаагчдыг шалгаруулахдаа тухайн жилийн ажлын үзүүлэлт, сахилга ёс зүй, шинээр санаачилж хийсэн ажил, олон нийтийн ажил арга хэмжээний оролцоо, ажлын цаг ашиглалтыг харгалзан хэлтэс алба тус бүрээс шалгарсан ажилтнуудаас хамт олны саналаар шалгаруулна.
7.6. Төрийн одон медалиар шагнуулах, докторын зэрэг хамгаалах, цэргийн цол ахих, насны ой, хөдөлмөр алдраа тэмдэглэх, гадаадын улс оронд сургуульд сурах буюу сургалтад хамрагдах зэрэг онцгой үйл явдал тохиолдох үед тухайн албан тушаалын 1 сарын цалинг олгоно.
7.7. Монгол Улсын төрийн дээд шагнал одон медаль, Яам, агентлаг болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шагналд ажилтнуудыг тодорхойлно.
7.8. Монгол Улсын Засгийн газрын шагнал, салбарын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан хүмүүст Засгийн газраас тогтоосны дагуу дагалдах мөнгөн шагналыг олгоно.
7.9. Болзол журам, зааварт заасан нөхцлийг хангасан ажилтнуудын зэрэг, дэвийг урьдчилан олгуулах асуудлыг Нийслэлийн Засаг даргад холбогдох материалын хамт бүрдүүлж шийдвэрлүүлнэ.
7.10. Шагнал урамшил, буцалтгүй тусламжийн хэмжээг төсвийн жилийн эхэнд шинэчлэн тогтоож мөрдөнө.

Найм. Хэлтэс /тасаг/, ажилтнуудын ажлыг дүгнэх

            8.1. Тамгын газар хэлтэс, тасаг ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүрэг, Засаг даргатай байгуулсан батламж, гэрээ, Тамгын газрын дарга бөгөөд Төсвийн ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээ, дээд байгууллага, Засаг даргын шийдвэрээр өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, ажлын үр дүн, бүтээгдэхүүний тоо чанар, мэдлэг боловсрол, ажлын арга барилаа дээшлүүлэх талаар хийсэн ажлыг нь үндэслэн жилийн эцэст дүгнэж, хэлтэс, тасгийн дарга нар хэлтсийн зөвлөгөөнөөр хэлэлцэж, хүн бүрт үнэлэлт дүгнэлт өгнө.
8.2. Хэлтэс, тасаг, хороодын үйл ажиллагаанд байгууллагын Мониторингийн баг улирал тутамд шалгалт явуулж үнэлэлт дүгнэлт өгнө.
8.3. Хэлтэс, тасаг, хороодын жилийн ажил, үр дүнгийн гэрээг бүтэн жилээр комисс гарган дүгнэж, байр эзлүүлэх ба Мониторингийн багийн улирлын шалгалт, үнэлэлт дүгнэлтэнд тулгуурлан дүгнэнэ.

Ес. Албан томилолт, бусад зардал олгох тооцох журам

            9.1. Албан томилолтоор явахдаа хэвлэмэл хуудсыг удирдамж, албан ёсны бичгийг үндэслэн Хүний нөөцийн мэргэжилтнээс авч, Тамгын газрын даргаар тамгалуулна. Томилолтоор ажилласан ажилтан нь удирдамжийнхаа биелэлтийг танилцуулж, ажлаа дүгнүүлсний дараа
томилолтын материалыг бүрдүүлэн нягтлан бодогчид өгч, зардлыг тухайн үед мөрдөгдөж буй /онгоц, автомашин, вагон зэрэг тээврийн хэрэгслэлийн/ тарифаар олгоно.
9.2. Ажилтнууд дуудлагаар албан ажилд автомашин хэрэглэсэн бол баримтыг тухай бүр бүрдүүлж ажилд гарах, ажлаас буух үедээ спидометрийн заалтыг бичиж, замын хуудсанд тэмдэглэгээ хийнэ.

Арав. Жижүүр, хариуцлагатай жижүүрийн үүрэг

            10.1 Жижүүр нь Тамгын газарт нэвтэрч байгаа иргэдийн иргэний бичиг баримтыг шалгаж оруулах ба цайны цаг, амралтын өдөр, ажил тарсаны дараа /17.00 цагаас хойш/ гадны иргэдийг байгууллагад нэвтрүүлэхийг хориглоно.
10.2. Жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Тамгын газрын байрнаас алдагдсан албаны болон ажилтнуудын эд хөрөнгийг тухайн жижүүр хариуцаж хохиролгүй болгоно. /тухайн хүний буруугаас алдагдсан тохиолдолд жижүүр хариуцлага хүлээхгүй/
10.3. Жижүүр нь дараагийн жижүүрт ажлаа хүлээлцэхдээ орчны цас,хог, хаягдлыг бүрэн цэвэрлэж хүлээлцэнэ. /Жижүүрийн рапортыг Аж ахуйн тасгийн дарга уншиж, дараагийн жижүүрт цохолт хийж хүлээлцүүлнэ/
10.4. Тамгын газарт гадуур хувцастай болон согтууруулах ундаа хэрэглэсэн, үнэртүүлсэн иргэнийг оруулахыг хориглоно.
10.5. Жижүүрүүд ажиллаж байхдаа цаг үеийн байдлаар 2 цаг тутамд рапортын дэвтэрт тэмдэглэл хийнэ.